Нийгэм
Нийтлэл
ГУАНЗАА ХААХ СҮҮЛЧИЙН ОРОЙ НЭГ ӨВГӨН ИРЭЭД “ХОРИН ЖИЛИЙН ӨМНӨ ЗАХИАЛСАН НАЙМАН ХООЛОО АВЪЯ” ГЭВ...
— Хоол дууссан уу?
Би хаалган дээрх “Зарна” гэсэн бичгийг хуулж байснаа эргэж харав. Үүдэнд саарал хүрэмтэй, таяг тулсан өвгөн зогсож байлаа.
— Өнөөдөр хүн аваагүй ээ. Гуанзаа хааж байна.
Өвгөн миний хурааж тавьсан сандлуудыг харснаа малгайгаа авлаа.
— Бүр хааж байгаа юм уу?
— Тийм. Маргааш түлхүүрээ өгнө.
Тэр хэсэг дуугүй зогсов. Дараа нь хүрэмнийхээ дотор халааснаас нугалж эвхсэн цаас гаргаж ирлээ.
— Тэгвэл өнөөдөр л амжих нь дээ.
Цаасыг дэлгээд надад өгөв.
Хорин жилийн өмнөх миний бичиг байлаа.
Гуравдугаар ээлж. Найман цуйван. 18:30.
Доод талд нь нөхөр минь бал авч, томоор нэмсэн хоёр үг харагдав.
Сонгино ахиухан.
Би цаасны булангаас барьсан чигтээ өвгөний нүүр рүү харлаа.
— Та… Содном ах уу?
Тэр толгой дохив.
— Танигдахаа больжээ, би.
Манай гуанз хуучин уурхайн суурингийн зам дагуу байдаг байв.
Уурхай хаагдаад удсан ч засварын газар, агуулах, замын жижиг компаниуд үлдсэн болохоор өдрийн цагаар хэдэн хүн орж ирнэ. Би ганцаараа хоол хийж, ганцаараа аяга тавгаа угаасаар сүүлийн жилүүдийг өнгөрөөжээ.
Охин минь намайг хотод аваачих гэж гурван жил ятгасан.
Энэ удаа би зөвшөөрсөн юм.
Өвдөг өвдөнө. Шуудай гурил өргөж чадахгүй болжээ. Өглөө зуухаа галлах гэж бөхийхдөө ширээний ирмэгээс тулж босдог болсноо охиноосоо нууж байсан ч нэг өдөр өөрөө хараад авсан.
Гуанзыг худалдаж авсан залуус энд сэлбэгийн дэлгүүр нээхээр болжээ. Хуучин ширээ, сандлыг хамтад нь авна гэсэн. Харин ханан дээрх зургууд, аяга таваг, миний юмыг өнөөдөртөө багтааж гаргах байв.
Өглөөнөөс хойш би хайрцаг дүүргэжээ.
Гэвч нөхрийнхөө зургийг хананаас авч чадаагүй байлаа.
Зурагт Даваасүрэн маань ажлын цэнхэр хувцастай, нэг гараа ташаандаа тулсан зогсоно. Хамт ажилладаг залуу нь авч өгсөн юм. Уурхайн амны дэргэд авахуулсан тэр зурагнаас би нөхрөө хайчилж томруулаад жаазалсан.
Хажууд нь зогсож байсан долоон хүнийг үлдээгээгүй.
Тэр долоогийн нэг нь одоо үүдэнд минь ирчихсэн байв.
— Суу, Содном ах аа.
Би ширээн дээр хөмөрч тавьсан сандлыг буулгалаа.
Тэр эхлээд цонхны дэргэдэх урт ширээ рүү харсан ч миний буулгасан сандал дээр суув.
— Та хаана байсан юм бэ? — гэж би асуулаа.
— Охиныдоо. Хол явсаан.
— Манай эндээс хүнтэй холбоотой байв уу?
— Хааяа.
Түүний хариулт болгон богино байв. Би өмнөх Содномыг санах гэж оролдлоо. Нөхрөөс минь хэд ах, хоол идэхдээ бусдаасаа түрүүлж дуусчхаад шүдээ чигчилж суудаг, онигооны төгсгөлөө өөрөө инээгээд хэлж чаддаггүй эр байсан.
Одоо амьсгаа авахад нь хүрэмний энгэр үл мэдэг хөдөлнө. Зүүн гарынх нь хоёр хуруу тэнийхгүй ажээ.
Би данханд үлдсэн цайг халаав.
— Найман хоол гэж та…
— Чи хийж чадах уу?
— Мах, гурил бий. Гэхдээ найман хүн ирэх юм уу?
Содном цонх руу харлаа.
— Би наймын төлбөр өгнө.
— Би мөнгийг нь асуугаагүй.
Тэр өвдгөн дээрээ тавьсан малгайныхаа нугалаасыг хуруугаараа тэгшлэв.
— Мэдэж байна.
Хорин жилийн өмнө энэ гуанз орой зургаан цагаас хойш хамгийн их хөлтэй болдог байлаа.
Уурхайн ээлж солигдоход эрчүүд бөөнөөрөө орж ирнэ. Хаалганы дэргэд гутлаа дэвсэж, гараа угаах гэж дугаарлана. Нөхөр минь бусдын адил ширээнд суухгүй, эхлээд гал тогооны үүдээр шагайдаг байсан.
— Юу зөөх вэ?
— Чи гараа угаа.
— Угаачихлаа.
— Тэгвэл аяганууд аваад гар.
Өөрийнхөө хоолыг зөөхдөө хамгийн бага махтайг нь авчихна. Би мэдээд өөр тавагтай сольж өгвөл:
— Чи харж байсан юм уу? — гээд инээнэ.
Тэр өдөр ч найман хоол захиалсан.
Үдийн алдад орж ирээд, би дэвтрээ олж өгөөгүй болохоор гурилын уутнаас тасалсан цаасан дээр бичүүлсэн юм. Тэгээд “Содном ахад өгчихье. Ээлжээрээ орж ирнэ” гэж хэлээд гарсан.
Орой нь найман таваг хоол бэлэн болсон.
Харин хүмүүс ирээгүй.
Эхлээд би ээлж хожуу бууж байна гэж бодсон. Дараа нь уурхайн зүгээс машин давхиж өнгөрөв. Араас нь дахиад нэг.
Манай гал тогоонд ажилладаг Оюунаа гадаа гарчхаад буцаж орж ирэхдээ миний нүүр рүү хараагүй.
— Эгч ээ, та галаа багасгачих.
— Яасан?
Тэр хормогчныхоо үзүүрийг мушгиад л зогсож байсан.
Тэр орой уурхайн нэг хэсэг нурсан юм.
Найман хүнээс Содном ганцаараа амьд гарсан.
Би түүнийг эмнэлэгт байхад нь очоогүй. Нөхрөө оршуулсны дараа ч уулзаагүй. Хожим суурингаас нүүсэн гэж дуулсан.
“Нөхөр минь яагаад гараагүй юм бол?”
Би тэр асуултыг түүнээс асуучих вий гэж айдаг байжээ.
— Найман таваг нь хэвээрээ юу? — гэж Содном асуув.
Би хайрцаг руу заалаа.
— Зарим нь хагарсан. Адилхан биш.
— Зүгээр ээ.
— Та хэнтэй ирсэн юм?
— Дүүгийн хүү хүргэж өгсөн. Айлуудаар ороод ирнэ.
Би ханын цагийг харлаа. Тав өнгөрч байв.
Охин минь маргааш өглөө машинаар ирэх байсан. Хураах ажил үлдсэн ч би махаа гаргалаа. Нэг оройн хоол хийлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Сонгино хэрчиж байтал Содном гал тогооны үүдэнд ирэв.
— Би арилгаад өгье.
— Сууж бай. Гарын чинь…
— Баруун гар гайгүй.
Би түүнд хоёр сонгино, жижиг сав өглөө.
Тэр ширээндээ буцаж суугаад сонгиноо удаан арилгав. Хальсыг нь нэг нэгээр нь салгаж, савандаа хийх ажээ.
— Гуанзаа хаах болсныг хэнээс сонсов?
— Дүүгээс.
— Тэгээд зориод ирээ юу?
— Тийм.
— Энэ цаасыг тэгээд хорин жил хадгалсан юм уу?
Тэр хальсалж байсан сонгиноо тавив.
— Ажлын хувцасны халаасанд байсан. Эмнэлгээс гарахад эд юмстай хамт өгсөн.
— Хаячхаж болоогүй юм уу?
Содном над руу харав.
— Болохгүй байсан.
Би цааш юм асуусангүй.
Мах шарагдаж эхлэхэд гуанзанд танил үнэр тархлаа. Хоосон болсон тавиур, хайрцагласан аягануудыг түр мартмаар үнэр.
Содном босож, цонхны дэргэдэх урт ширээн дээрх сандлуудыг буулгаж эхлэв.
— Наадхаа орхи. Би буулгана.
Тэр нэг сандлыг хоёр гараараа түшиж тавиад амьсгаагаа дарав.
— Энэ ширээг хөдөлгөөгүй юм байна.
— Хүнд юм чинь хаашаа хөдөлгөх вэ.
Содном үл мэдэг инээмсэглэв.
— Цэрэн дандаа ингэж хэлдэг байсан.
Цэрэн.
Би тэр нэрийг олон жил чангаар сонсоогүй байлаа.
Тэдний хамгийн ахмад нь. Хоол идэх болгондоо “Ширээгээ зуух руу жаахан ойртуулчих” гэдэг байсан хүн.
Би шүүгээнээс аяга гаргаж байснаа нэгийг унагаах шахав.
Содном сандлуудыг байрлуулж дуусаад хананд байгаа нөхрийн минь зургийг удаан харлаа.
— Бүтэн зураг нь чамд бий юү?
— Байгаа.
— Гаргаад тавьж болох уу?
Би хувийн юмаа хийсэн цүнхнээс цомог гаргалаа. Дундаас нь бүтэн зургийг сугалж өгөв.
Найман хүн уурхайн амны дэргэд мөр зэрэгцэн зогсож байлаа.
Содном зургийг ширээний ханын талд, усны сав түшүүлж тавьсан. Дараа нь сандал бүрийг нэг нэгээр нь харж, цонхтой ойр байсныг жаахан хойшлуулав.
— Мөнхөө урт хөлтэй. Ингээд суучихвал зам хаачихдаг юм.
Би түүний гараас барилаа.
— Содном ах аа. Хэн ч ирэхгүй биз дээ?
Тэр миний гарыг харснаа аяархан атгав.
— Ирэхгүй.
— Тэгвэл яагаад найман хоол…
Түүний нүдэнд ус тогтжээ.
— Би тэр өдрөөс хойш тэдэнтэй нэг ширээнд сууж зүрхлээгүй юм.
Би гараа татаж авав.
— Юу гэсэн үг вэ?
Содном хүрэмнийхээ товчийг тайлах гэж оролдоод больчихлоо.
— Даваасүрэн чамд нэг юм хэлүүлсэн. Би хорин жил хэлж чадаагүй.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮